өдөр
шөнө
×

Дэлхий даяар гурван тэрбум хүн хоршооны салбарын өгөөжийг хүртэж байна

 

“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2023” үзэсгэлэн худалдаа өнөөдөр 3 дахь өдрөө ХОРШООЛОГЧДЫН ӨДӨР-өөр үргэлжилж байна. 1995 онд НҮБ-ын Ерөнхий ассемблейгаас жил бүрийн долдугаар сарын эхний бямба гаригийг олон улсын “Хоршооллын өдөр” болгон зарлаж, Дэлхий дахинаа хоршооллын салбарын нэр хүндийг өргөх, хоршоологчдын оролцоог олон нийтэд сурталчилан таниулах тэмдэглэлт өдөр болгон өнгөрүүлж байхаар шийдвэрлэжээ. 

Харин Олон улсын хоршооллын холбоо 1923 оноос эхлэн “Хоршооллын өдөр”-ийг тэмдэглэж ирсэн. Ийнхүү Олон улсын хоршооллын холбооноос 2023 оныг “Хоршоод тогтвортой хөгжлийн төлөө” уриан дор тэмдэглэж байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газраас “Хоршоологчдын өдөр”-ийн хүрээнд Улаанбаатар хот болон Говьсүмбэр аймагт 21 аймгийн хоршоологчдын туршлага судлах арга хэмжээг энэ сарын 29-нөөс долдугаар сарын 1-нийг хүртэл Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулахаар болжээ.

 

 

Монгол Улсын Засгийн Газраас өнгөрсөн  2022 оныг хоршооллыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг нэгдэж хоршоо байгуулахыг уриалахын сацуу үйл ажиллагааг нь дэмжиж байгаа. Тухайлбал, Жижиг, дунд үйлдвэрийн газраас загвар хоршоодыг хөгжүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох, сургалт мэдээлэл өгөх, Хоршоодын нягтлан бодох бүртгэлийн заавар журмыг батлуулах зэрэг ажлыг хийсэн.

Хөгжиж буй орнуудын зах зээлийн хувьд ихэнх албан ёсны ажлын байрыг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид бүрдүүлдэг бөгөөд 10 ажлын байр тутмын долоог тэд бий болгодог. Дэлхийн Банкны тооцоолсноор 2030 он гэхэд ажиллах хүчийг шингээхэд 600 сая ажлын байр шаардлагатай болох аж. Тиймээс Дэлхийн олон орны Засгийн газар ЖДҮ-ийн хөгжлийг тэргүүлэх зорилтоо болгож энэхүү хэрэгцээ шаардлагыг хангахаа мэдэгдээд байгаа аж.

Харин Монгол Улсад УИХ-аас 2021 онд Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, Засгийн газрын 81 дүгээр тогтоолоор 2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгон зарласан байдаг. Энэ хүрээнд түүхий эд бэлтгэлийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр Загвар хоршоодыг байгуулах, хоршоодын хөгжлийн үнэлгээ, шинэчилсэн бүртгэлийг хийх, жишиг хоршоодын туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хоршиж, хамтран ажиллах санал санаачлагыг дэмжин ажилласаар байгаа юм.

Монгол Улсын “Хоршоологчдын өдөр”-ийг нээж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, Монголын хоршооллын үндэсний Нэгдсэн холбооны тэргүүн Ц.Алтантуяа нар үг хэллээ.

 

 

“Жижиг  дунд үйлдвэрийн газрын бодлого зохицуулалтын хэлтэс”-ийн дарга: А.Гэрэлзаяа

“ТОГТВОРТОЙ  ХӨГЖИЛД ХОРШООДЫН ГҮЙЦЭТГЭХ  ҮҮРЭГ  ИХ БАЙГАА”

Өнөөдөр олон улсын хоршооллын  өдөр. Мөн үндэсний хоршоологчдын өдөр  таарч байна. Энэ өдрийг  ОУ-д “Хоршоологчид тогтвортой  хөгжилд”  гэсэн уриан дор тэмдэглэн  өнгөрүүлж байгаа. Хоршоологчид  та  бүгдийн үүрэг  оролцоо,  тогтвортой  хөгжилд их үүрэг гүйцэтгэнэ. Монгол Улсын Засгийн газраас хоршоог дэмжих  бодлогын олон арга  хэмжээнүүдийг  авч  хэрэгжүүлж  байна. Ялангуяа  сүүлийн жилүүдэд буюу 2021 онд хоршооны  тухай  хууль  батлагдсанаар, 2022  оныг “Хоршооны хөгжлийг  дэмжих  жил”  болгон зарлаж, хөдөө аж  ахуйн  түүхий  эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх, гол суурь  болж байгаа учраас, хоршоог дэмжсэн  олон  арга хэмжээг  хэрэгжүүлж байна. Ялангуяа  МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний  хангамжийг нэмэгдүүлэх, хүнсний  аюулгүй байдлыг сайжруулах хүрээнд, манай  хоршоод их үүрэг   оролцоотой оролцож байгаа. Тиймээс олон улсын хоршооллын  өдрийг  бид  улс  орон даяараа 21  аймаг нийслэлийн 9 дүүрэгтэй  хамтран тэмдэглэн  өнгөрүүлж байна. Энэ хүрээнд хоршооны туршлага судлах аялал арга  хэмжээг өнөөдрөөс  эхлэн зохион байгуулна. Маргааш сургалт  мэдээлэл  болно.  Нөгөөдөр Говьсүмбэр аймагт тэргүүний  хоршоодын  үйл ажиллагаатай танилцах арга хэмжээ болно. Хоршоодын “Тогтвортой хөгжил”-д гүйцэтгэх үүрэг их байгаа учраас хүнсний хангамжийг нэмэгдүүлэх,  хүнсний аюулгүй  байдлыг сайжруулахтай холбоотой та  бүгдийг үйл ажиллагаагаа  сайжруулж идэвхтэй  оролцохыг  хүсэн ерөөе.

 

“Монголын хоршоологчдын үндэсний нэгдсэн холбоо”-ны  дарга Ц.Алтантуяа:

 

 

“ДЭЛХИЙ  ДАЯАР 3 САЯ ХОРШОО ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ”

 Монголын хоршооллын  үндэсний  нэгдсэн холбооноос та  бүхэндээ  мэндчилж байна. Манай  холбооны хувьд салбар салбартаа үйл ажиллагаа  явуулдаг 6 холбоо нийлж байгуулсан хоршоодын  холбооны  дээвэр байгууллага юм. Өнөөдөр Монгол Улсад 21 аймаг 9 дүүрэгт  үйл ажиллагаа явуулж буй 4000  гаруй хоршоо байна. Эдгээр нь ажлын байр  бий  болгох, хүнсний аюулгүй байдал хүнсний хангамжийг хангах, оёдол, үсчин, засвар үйлчилгээ, хадгаламж  зээл, дэлгүүр, тээвэр гээд маш олон  салбарт хоршоодууд маань эгнээгээ тэлэн монгол  орон даяар  үйл ажиллагаа  явуулж байгаа. Өнөөдөр  дэлхийн хоршоологчдын 101 дэх удаагийн баярыг дэлхий  даяараа тэмдэглэж байгаа. 101 дэх удаа тэмдэглэж байгаагийн  ач  холбогдол нь хоршоод тогтвортой хөгжлийн  зорилтуудыг хангахад  маш  том үүрэг  гүйцэтгэж байгаа гэдгийг  нэгдсэн  үндэсний байгууллага  болон  бусад хөгжлийн агентлагууд хүлээн  зөвшөөрч байгаа учраас хоршоод тогтвортой хөгжилд гэсэн  уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна. Дэлхий нийтээрээ  өнөөдөр 3 сая хоршоо  үйл  ажиллагаа  явуулж байгаа. Нэг тэрбум хүн  шууд гишүүнчлэлтэйгээр хамруулаад 3  тэрбум  хүнд  хоршооны  салбарын  өгөөжийг  үзүүлж байгаа  том салбар юм. Мөн  хоршоод маань 250 сая  ажлын байрыг дэлхий даяар  бий  болгож байна. Аж ахуйн нэгжийн томоохон төлөөлөл учраас НҮБ-аас тусгайлан анхаарч  Дэлхийн  хоршооллын өдөр  гэдэг өдрийг бий болгосон. Ингээд хоршоологчдодоо Олон улсын болон,  монголын хоршоологчдын өдрийн баярын мэндийг  хүргэе ээ. Энд хүрэлцэн ирсэн иргэд  манай хоршоологчдын  болон жижиг дунд үйлдвэр  эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг  худалдан авч,  үндэсний үйлдвэрлэлээ  дэмжихийг  хүсье

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top