өдөр
шөнө
×

Хамгийн хамгийн ... Э.Чулуунчимэгийн шинэ түүх

Ихэнх дуучин бүсгүйчүүд тоглолтын дараа ханьтай, найз нөхөдтэй, карьертай болдог. Э.Чулуунчимэг шиг ханьтай мөртлөө од дуучин болж, гэр бүлтэй ч гэсэн карьер нь өндөрт мандсан туг ховорхон. Тэр тийм тавилангийн эзэн. Эмэгтэй хүний амьдралаас авч болох бүх аз жаргал, гоё сайхан зүйлсийг авч, басхүү бүгдийг нь алдаж, үлгэрийн баатар мэт амьдарсан болохоор бүх насны бүсгүйчүүд түүнд хайртай. Түүний фэнүүд 8 настай балчраас 80 настай буурал хүртэл бий.

Бас хамгийн олон эрэгтэй партнертай дуучин. Олон, олон залуустай хамтарсан уран бүтээл хийж, нийтийн дууны ертөнцөд шинэ солонго татуулсан. Угаас насаараа шахуу хамт дуулж, эхнэр нөхөртөө хардуулан байдаг хос дуучдын эрин ард хоцорсон. Зарим нь гэр бүлээ орхин салаад сууж ч байв. Урлаг тийм янзын эд.

 

 

Э.Чулуунчимэг төрсөн өдрийн тоглолтоо жил бүрийн тавдугаар сарын 2-ны өдөр, хийж тавдугаар сарын турш түүнийг тойрон элдэв өнгийн мэдээ хөврөх нь солонго мэт. Энэ удаагийн тоглолтыг ахарин өнгө аяс эрчтэй хүчтэй шинэ залуу уран бүтээлчдээ дэмжсэн тоглолт болж өнгөрлөө. Өөрөө элдэв маяггүй хүчтэй алхаатай цэх шулуун бүсгүй юм. Түүний гоо үзэсгэлэн даруу занд нь оршиж байна. Хэт маяглуулах болсон нийтийн дууны ертөнцөд Чука тэр өнгөө тодоор зурлаа. Сүүлдээ эр эмгүй нүцгэлж байгаа ертөнц шүү дээ. Тэр бас маш олон дуун дундаас яг өөртөө тохируулж сонголт хийхдээ гаргууд. Бүсгүй хүний нандин сэтгэл, хайр, амраг хосын нандин холбоо, ээж хүний сэтгэл түүнээс урган гарч солонго мэт дэлгэрч байгаа.

 

 

Санасаар байгаад мартах нь үгүй

Сайхан чамдаа очоогүй яваа минь

Хайрынхаа төлөө үзүүлж чадах хамгийн том хүндлэл юм шүү ...

Ер нь хайрыг хүндэлнэ гэж юу гэсэн үг вэ? Бидний мартсан нандин зүйл. Чукагийн оруулж ирсэн өөр нэг хувьсал бол ритм. Маш гоё хөнгөн хэмнэлтэй хуучны хэллэгээр эстрад маягийн хэв шинж түүний дуунуудаас үнэртдэг. Өөрөө нуруулаг, фэшниста учраас нийтийн дууны ертөнцийн тогтсон хэв маягийг цоо шинээр зурсан хүн.

Гоё харагдах дэндүү амархан

Зүгээр л инээмсэглэ өөрийнхөөрөө бай ...

Энэ дууг сонсохоор түүний Монро стиль орж ирнэ. Барууны хэв маяг бүхий имиж бүрдүүлэлт.

Хөдөө гаръя

Хөлөө баярлуулъя ...

“Монголоороо аялъя” бол хөдөөний сэдэвтэй “Люмино” хамтлагийн дуутай барьцахуйц хит уран бүтээл.

 

 

Түүнд маш гоё мэдрэмж байгаа. Дуул гэсэн болгоныг дуулаад өөртөө зохихгүй дуу, тооны араас тэр явсангүй. Чанарын араас явжээ.

Бас нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Рок попынхон яагаад үзэгчгүй байна вэ? Хуучин дуунуудаараа л тоглолт тавиад шинэ уран бүтээл тогтмол хийхгүй байгаа учраас. Э.Чулуунчимэг тоглолт болгон дээрээ шинэ уран бүтээлээр бэлэг барьдаг. Тэр дуу нь цаашлаад урт удаан настай хит болдог. Гэвч тэр хитэд цаддаггүй. Тэр байнга хувьсдаг. Энэ л түүний солонго мэт увидас. Гуч дөнгөж гарсан гунхаж яваа залуу бүсгүй ч энэ хугацаанд өчнөөн олон жил дуулсан дээд үеийнхнийхээ рекордыг аль хэдийнэ эвдчихлээ. Гэвч тэр хуучрашгүй, хуучрахгүй дахиад ч шинийг хийнэ. Тэр тийм л хүн.

Дараа жилийн тоглолт хүртэл хол байна даа, хүлээж байна. Солонго шиг бүсгүйд амжилт хүсье.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top