өдөр
шөнө
×

Б.Энхбаяр: Н.Алтанхуяг гишүүний гэр бүлийн хүн дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна

Т.САЙХАН

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн "халдашгүй чөлөөтэй байх эрх" гэсэн хэсгийг хэлэлцэв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -Дөнгөж шалгаж байгаа хэрэг, эсвэл гүйцэтгэх ажлын мэдээ яагаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр түрүүлээд гараад байна вэ. Хүнийг урд өдөр нь барилаа гэхэд зураг нь гараад, хэвлэлээр шууд цоллоод л. Энэ чинь гэмт хэрэг шүү. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гэр бүлийнх нь хүн дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан тухай хэлсэн байна. Эхнэрт нь гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь гишүүнийг шалгаж байгаа хэрэг. Гэр оронд нь ингэж болдог юм уу. Өөрийг нь шалгаагүй, эхнэрийг нь шалгасан чинь нөхөр нь хажуугаар ороод юм яриад байсан гэх гэж байгаа юм уу. Хууль үйлчилж байна уу. 

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд: -Халдашгүй чөлөөтэй байх эрхийг ганцхан хуулиар зохицуулна гэж заасан байдаг. Нууц мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой асуудлын зохих хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хуульчилсан. Гэвч нарийвчлан зохицуулсан харилцааг дандаа холбогдох байгууллагын дарга болон бусад тушаал шийдвэр, журмаар хэрэгжүүлээд байгаа нь хэт их эрх хэмжээг шүүхийн бус субъектүүдэд олгосон гэж дүгнэхээр байна.Цаашид цагдан хорих байранд гүйцэтгэх ажил явуулах, нууц мөрдөн шалгах ажиллагааны үндэслэл журмыг хуулиар нэг бүрчлэн нарийвчлан зохицуулах шаардлагатай. Хууль бус ажиллагаа, дур зорог гэдэг үгийг олон улсын хүний эрхийн байгууллагуудаас ярьдаг.  

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг: -Гэмт хэрэг зөрчлийг таслан зогсоох, илрүүлэх үйл ажиллагааны нууц мөрдөн шалгах ажиллагаа гүйцэтгэх ажлын хуулиар зохицуулагдаж байгааг зааглах цаг нь болсон. Тодорхой хэмжээний дутагдалтай зүйлүүд бий. Сайжруулах чиглэлд онцгой анхаарах шаардлагатай гэдэгт тантай санал нэг байна. Мөрдөн албаны болон Гүйцэтгэх ажлын тухай хуулийг боловсруулж, намрын чуулганд өргөн барина. 

Эх сурвалж:www.polit.mn 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top