өдөр
шөнө
×

Ц.Хулангийн өмгөөлөгч, шүүгч нар Хөгжлийн банкны шүүх хуралд оролцож байгаа учраас хурлыг хойшлуулжээ

С.САРУУЛ

Шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшилжээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас “...гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах..." гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2023 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан билээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэнэ..." гэж заасан.Иймд шүүх тэдний гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг өнөөдөр өдрийн 10:30 цагт товлоод байсан юм.

Шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг "шүүх бүрэлдэхүүнтэй"-гээр хянан хэлэлцэх бөгөөд даргалагч шүүгч "Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх бүрэлдэхүүнд оролцож байгаа. Тус шүүх хуралдаан долоо дахь өдрөө үргэлжилж байх тул шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ. Мөн шүүгдэгч Ц.Хулангийн нэг өмгөөлөгч "Хөгжлийн Банк"-ны гэх тодотголтой дээрх шүүх хуралдаанд бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэн өмгөөлөгчөөр оролцож байх тул шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдааны товыг тэдний /талууд/ саналыг харгалзан жич товлохоор тогтсон байна.

Эх сурвалж: www.polit.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top